Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн 70 гаруй эмч, ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийсэн байна.
Эрүүгийн хуульд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн талаарх ойлголт, сүүлийн 4 жилийн хугацаанд гарсан энэ төрлийн хэрэг, шүүхээр шийдвэрлэгдсэн байдлыг танилцуулж, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгчээ.
Улсын хэмжээнд 2021-2024 оны 4 сар хүртэл хугацаанд Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдлыг судалж үзвэл, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан 7, хүн нас барсан 3 хэрэгт эмч болон эмнэлгийн ажилтан ял шийтгүүлсэн байна.
Үүнээс хүний амь нас хохирсон 1 хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба