Нийслэлийн прокурорын газраас иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэн хууль зүйн туслалцаа авах, эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран "Дохионы хэлний хэлмэрч"-ийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Нийслэл, дүүргийн прокурорын газрын мэдээлэл лавлагаа, өргөдөл гомдол хариуцсан ажилтан, ресейпшн, Тамгын хэлтсийн дарга нар хамрагдан дохионы хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй болж, сертификат гардаж авлаа.
Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө гэж “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуульд заасан байдаг.
Тус сургалтыг зохион байгуулснаар сонсголын бэрхшээлтэй хүнд прокурорын байгууллагын үйл ажиллагаа хүртээмжтэй хүрч, холбогдох мэдээллийг дохионы хэлээр авах боломжтой болж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба