Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар болон анхаарах асуудлаар дүүргийн удирдах ажилтнуудад мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг шалгахад, ялтны мэргэжил, ур чадварыг харгалзахгүйгээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх зэрэг хот тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна.
Тус хуульд зааснаар шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэний эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан уг ялыг гүйцэтгүүлэх ёстой. Гэтэл дээрх байдлаар ажиллуулах нь ялтны эрхийг зөрчиж байгаа хэлбэр тул цаашид нутгийн захиргааны байгууллагаас анхаарч ажиллахыг зөвлөжээ.
Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 онд шинэчлэн батлаж, ажил хийлгэх байгууллагын хүрээг өргөжүүлсэн байна. Тиймээс уг тушаалд нэр дурдагдсан байгууллагууд хуулийг нэг мөр хэрэгжүүлж, ялтны эрхийг зөрчихгүй байхад анхаарах шаардлагатай.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба