МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 42, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.О нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын дундын өмчлөлд эд хөрөнгийг бүртгэж, гэрчилгээ олгон, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Сургалтын албаны онолын багш Я.Э нь ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох иргэнээс хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Говьсүмбэр аймгийн прокурорын газраас нүүрс борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг “БЗБ” ХХК-ийн захирал Б.Б нь БНХАУ-руу экспортолсон 19 тонн нүүрсний боруулалтын орлого болох 2 тэрбум төгрөгийг 250 сая төгрөгийн татвар ногдох орлого гэж худал мэдүүлэн тайлагнаж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д.Г нь ашиг олон зорилгоор нэр бүхий домайн хаяг нээж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог  мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тухайн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.