Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Тус дүүргийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд 645 гэмт хэргийн улмаас нийт 659 хүүхдийн эрх зөрчигдөж, хохирсон байна. Хүүхдүүд хулгай, дээрэм, залилах гэмт хэргийн хохирогч болохоос гадна эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөх тохиолдол их гарчээ.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын ажиллагааг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн анхан шатны төрийн захиргааны болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудтай “Харилцан ойлголцож, хамтран ажиллая” уриатай хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хороодын хамтарсан багийн гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, цагдаагийн мөрдөгч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг 80 орчим хүн оролцож, хүүхдийн эрхийн зөрчлийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн шатанд хүүхдийн эрхийг хамгаалан оролцоход анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Мөн прокуророос дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хүүхэд хохирсон гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулж, практик сургалт зохион байгуулсан юм.
Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд жилдээ 110 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүний 60 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авах талаар байдаг бол 40 хувь нь хүүхдийн эрхийн зөрчлийн шинжтэй байдаг байна.
Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс 2023 онд 1800, 2024 оны 5 сарын байдлаар 600 гаруй дуудлага мэдээлэл авчээ.
Тус дүүрэг 2023 онд түр хамгаалах байртай болж тухайн жилдээ 121, 2024 он гарснаас хойш 150 гаруй хүүхдийг хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна.
Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийг гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийн орчинд багш, сургуулийн ажилтан, бусад орчинд хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар тус тус хамгаалж ажиллах ёстой.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, шаардлагатай санал, зөвлөмжийг гаргах зэрэг арга хэмжээг авч, цаашид хүүхдийн эрхийн зөрчилгүй дүүрэг болох зорилт тавьж ажиллахаар боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба