Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2022, 2023 оны байдлаар судалж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Дээрх хугацаанд Нийслэлийн хэмжээнд хууль бусаар ан агнах 44, хууль бусаар мод бэлтгэх 36, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 52 хэрэг шалгагдаж, байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр хэрэгт нийт 101 хүн яллагдагчаар татагдсанаас 57 хувь нь 26-45 насны, 47 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна.
Судалгаагаар алтайн хойлог шувуу, халиун буга, хүрэн баавгай, хулан зэрэг ховор амьтад болон шинэс, нарс, хуш мод, дэрвэгэр жиргэрүү, самар, хонин арц гэх мэт ургамал гэмт хэрэгт өртөх нь түгээмэл байгаа болох нь тогтоогджээ. Мөн байгаль орчны талаарх мэдлэг, мэдээлэл, хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтын улмаас мөрдөгч, прокурорууд хэргийг харилцан адилгүй байдлаар шийдвэрлэсэн тохиолдол гарсан байна.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Экологийн цагдаагийн албатай хамтран “Танья, мэдье, хамгаалъя” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн прокурорын газрын Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт дагнан хяналт тавьж ажилладаг прокурорууд, Эрүүгийн Цагдаагийн Албаны мөрдөгчид болон Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч, Хустайнбайгалийн цогцолборт газрын захиргааны алба хаагчид оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба