Г.МӨНХТҮВШИН: ХҮН БҮР ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАШ САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

A- A A+
Г.МӨНХТҮВШИН: ХҮН БҮР ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАШ САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүүхэд хохирсон, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2022, 2023, 2024 оны эхний улирлын байдлаар судалсан байна. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшингээс тодрууллаа.

Судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ, энэ талаар тодруулбал?

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэмт хэргийн улмаас хүүхэд хохирох тохиолдол өсөх хандлагатай байна. Дүүргийн хэмжээнд гэхэд сүүлийн 3 жилийн хугацаанд 645 гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирсон. Хүүхдүүд хулгай, дээрэм, залилах гэмт хэргийн хохирогч болохоос гадна эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөөний  халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт түлхүү өртөж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас 246 хүүхэд хохирсон. Үүнээс 50 хувь нь хулгайлах гэмт хэргийн хохирогч болсон бол 62 хүүхэд дээрэмдэх, 19 хүүхэд залилах гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Харин хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 112, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 253 хүүхэд хохирсон. Тухайлбал, бусдын буруутай үйлдлийн улмаас 8 хүүхэд хүнд, 20 хүүхэд хүндэвтэр, 225 хүүхэд хөнгөн гэмтэж хохирсон байна.

Насны хувьд хохирогч хүүхдүүдийн 60 гаруй хувь нь 14-өөс 17 хүртэл насны хүүхдүүд байна.

Хүүхдүүд ямар төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн өртөж хохирч байна вэ?

Хүүхдүүд гэр бүлийн орчинд үл хайхрах хүчирхийлэлд өртөж эрүүл мэндээрээ хохирохоос гадна бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна. 

Мөн сургуулийн орчинд гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлээ хулгайд алдах, дээрэмдүүлэх тохиолдол их байгаа. Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас ч хохирч байна. Судалгаагаар сургуулийн орчинд 58 гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.

Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой. Үүнээс хүн ам ихтэй, сургууль болон үйлдвэр, үйлчилгээний газар төвлөрсөн 1, 17, 18, 19, 33, 28, 29 дүгээр хороодод хүүхэд хохирсон гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн байна.

Тухайлбал, эдгээр хороодод Толгойт, Хархорин захын замын хойд хэсэг, “5 шар”, Тахилт, Драгон үйлчилгээний төв, Москва хороолол гэх мэт хүн амын төвлөрөл, хөдөлгөөн ихтэй газрууд байдаг.

Хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирогч болж байгаа гол шалтгаан нөхцөл нь юу вэ?

Эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхдэдээ анхаарал хандуулдаггүй, гэртээ гадны хүмүүстэй архидан согтуурдаг, хүүхдээ танихгүй хүнд даатгаж үлдээдэг зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүд ахуйн хүрээнд хохирох нь их байна.

Хүүхдүүд гэмт хэрэг үйлдсэн хүнтэй ямар харилцан хамааралтай болохыг судалж үзэхэд, 43 хувь нь танихгүй, 15 орчим хувь нь зүс таних, 13 хувь нь төрөл садангийн харилцаатай хүмүүс байсан.

Харин нийт хэргийн 19 хувь нь л хүүхэд өөрийн хайхрамж, болгоомжгүй байдлаас болсон байгаа юм.

Тэгэхээр эцэг, эх, асран хамгаалагч нар өөрсдөө хүүхдээ эрсдэлтэй нөхцөл байдалд оруулж байна гэж үзэж болно. Гэрт нь хамт архидан согтуурч, улмаар бага насны хүүхдийг нь хүчиндсэн тохиолдол ч цөөнгүй гарсан. Тиймээс хүн бүр хүүхдийн аюулгүй байдалд маш сайн анхаарах хэрэгтэй.

Танихгүй хүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөж байгаа шалтгааныг тайлбарлахгүй юу?  

Цахим хэрэглээ өссөнтэй холбоотойгоор хүүхдүүд фэйсбүүкээр хүнтэй танилцаж, улмаар гэмт хэргийн хохирогч болох тохиолдол өсөж байна. Ялангуяа өсвөр насны охид фэйсбүүкээр танихгүй хаягаас ирсэн найзын хүсэлтийг хүлээн авч, насаа нууж танилцах, эсхүл тэдний бичсэн уран гоё үгэнд хууртаж, итгэн өөрийн зураг, бичлэгийг явуулж улмаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол хэд хэд гарсан.

Хүүхдүүд хууль эрх зүйн мэдлэггүй, шийдвэр гаргах чадвар сул, сошиал орчноос авч буй мэдээ, мэдээлэлд бодитой дүгнэлт хийх чадамжгүй байгаа нь гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.  

Танай дүүргийн хүүхдийн эрхийг хамгаалах хороодын хамтарсан багийн үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ? Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

Насанд хүрээгүй хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх анхан шатны нэгж нь хороодын хамтарсан баг байдаг. Хүүхэд хохирсон хэргүүд дээр хамтарсан баг хэрхэн ажиллаж байгааг судлахад тэдний ажил хангалтгүй байгаа бөгөөд анхаарч үзэх ёстой асуудлууд ч байна.  

Тухайлбал, цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирүүлсэн хүүхэд хохирсон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, дуудлагыг хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд мэдэгддэггүйгээс хүүхэд хамгааллын ажиллагаа зайлшгүй шаардлагатай  хэргүүдэд хамтарсан баг ажиллаагүй тохиолдлууд гарч байна.

Хамтарсан багууд чиг үүргийнхээ дагуу хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж байгаа боловч бусад төрийн байгууллагууд, ялангуяа мөрдөгч, прокурортой хамтын ажиллагаа сул байгаа.

Тиймээс тус дүүргийн прокурорын газраас хүүхэд хамгааллын ажиллагааг сайжруулах зорилгоор хороодын хамтарсан багийн гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, цагдаагийн мөрдөгч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг тус дүүргийн анхан шатны төрийн захиргааны болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудтай “Харилцан ойлголцож, хамтран ажиллая” уриатай хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулсан.

Мөн хамгийн их хүүхэд хохирсон гэмт хэрэг гарсан хороод болон сургуулийн захиргаанд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулуулах талаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн.

Цаашдаа ч дээрх ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Эх сурвалж: Өглөөний сонин №104 (4117)