Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд 300 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, Өмчлөх эрхийн эсрэг 92, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 47, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Авлига, албан тушаалын 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мөнгө угаах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн албаны шаардлага хангаагүй иргэнийг ахлах мэргэжилтнээр томилж, ажиллаагүй үеийн цалинг олгон давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Б, захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Ч.Б, багийн иргэдийн нийтийн хурлын дарга Б.Б, үнэлгээний хорооны гишүүн У.Э, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Ж.Э нар нь аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй “Ө” ХХК-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Дорнод аймгийн прокурорын газраас “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэлтсийн дарга Д.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус компанид бараа худалдан авсан гэж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн, төлбөрийг өөрийн хамаарал бүхий компанийн данс руу шилжүүлж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас сумын засаг дарга Б.Б, сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хоршоо хөгжүүлэх сангаас нэр бүхий иргэдэд зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Э.Ц нь хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул хийж Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох үе буюу хүрэл зэвсгийн үе /НТӨ-III-I мянган/-д хамаарах эд зүйлийг илрүүлэн, иргэн С.Т, Т.Г нартай бүлэглэн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах, зуучлахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх/, 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуулчлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба