Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт хэлтсээс Дотоод хэргийн их сургуультай хамтран “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд салбарын эрдэмтэн, судлаач, багш, хуульч, хууль сахиулагчдаас 34 илтгэл ирүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж буй эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал дэвшүүлж, хэлэлцүүллээ.
Тухайлбал, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Э.Батбаяр “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үзэл баримтлал, зорилго”, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн “Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад учирч буй зарим тулгамдсан асуудлууд”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Содгэрэл “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын асуудал”, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор М.Батхишиг “Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, хүний эрхийн зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба