БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭМЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТЫГ СУДАЛЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ХИЙЛЭЭ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭМЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТЫГ СУДАЛЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ХИЙЛЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас 2021-ээс 2024 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай холбоотой болон эмнэлэгт үйлдэгдсэн гэх 105 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ.

Тодруулбал, эмнэлгийн орчинд ураг зулбасан, нярай эндсэн, эмчлүүлж байгаад нас барсан, эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй, тариа андуурч хийсэн, эд зүйлээ хулгайд алдсан, бусдад зодуулсан, залилуулсан зэрэг гомдол, мэдээлэл 2021 онд 34, 2022 онд 24, 2023 онд 45, 2024 оны 6 сарын байдлаар 2 бүртгэгдсэнийг хуулийн дагуу  шалгуулах арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Дээрх төрлийн гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа тул дүүргийн прокурорын газраас шалтгаан, нөхцөлийг судлан, энэ талаар Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч ажилтнуудад танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийлээ.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

15.1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх хэрэг.

            1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

            2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

            3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.