АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 5 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 5 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 01-нээс 09-ний өдрийг хүртэл 301 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 155, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер С.Б нь иргэн Ж.О-ийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн мэдээллийг өөрчилж, үзлэг оношилгоонд оруулж, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн газрын дарга Д.Б нь ашиг сонирхлын үүднээс эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж байгаа тендер, төсөлд БНХАУ-ын компаниудыг шалгаруулах, тендер, төсөлтэй холбоотой мэдээллийг дамжуулсны хариуд БНХАУ-ын “Ш”, “И” компаниудын Монгол дахь төлөөлөгч Л.Т-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Хил хамгаалах ерөнхий газрын дугаар ангийн тээврийн хэрэгслийн шалгагч Д.А нь “И” ХХК-ийн тээврийн хэрэгсэл хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн зөрчлийг илрүүлсэн боловч холбогдох баримт бичгийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлээгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэн Г.З-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

БНХАУ-ын иргэн В.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мөрдөгчид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.