Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Бакит Зусупов, Эдийн засгийн удирдлагын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Вера Стробачова-Будвэй нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай прокурор, мөрдөгч нарыг виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйлдлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх ажиллагааны сургалтад хамруулах, гадаад улсын туршлага судлах, алдагдсан хөрөнгийг царцаах, сэргээх, буцаах зэрэг олон талт хамтын ажиллагааны чухлыг тэмдэглэв.
Түүнчлэн Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн албанаас Улаанбаатар хотод 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Виртуал хөрөнгө, блокчейн санхүүгийн үйлчилгээг ашиглан мөнгө угаах явдалтай тэмцэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, прокурор, мөрдөгч нарт хэрэгцээтэй сургалт болж байгааг онцоллоо.
Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Бакит Зусупов Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр виртуал хөрөнгө, блокчейн санхүүгийн үйлчилгээг ашиглан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чухалчилж буйг тэмдэглэж, Монгол Улсын прокурорын байгууллагатай дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, боловсон хүчний мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.
Уулзалтын төгсгөлд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын төлөөллийг оролцохоор урьсан урилгыг Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Бакит Зусупов талархан хүлээн авч, оролцох сонирхолтой буйгаа илэрхийлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба