УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ НҮБ-ЫН МАНСУУРУУЛАХ БОДИС, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН “SEAJUST” ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭ БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ НҮБ-ЫН МАНСУУРУУЛАХ БОДИС, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН “SEAJUST” ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭ БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор Д.Нямбат нар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын нэгдсэн хуралдаанд оролцлоо.

НҮБ-ын “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын нэгдсэн хуралдаан нь жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулагддаг бөгөөд шинээр гишүүнээр элссэн орнуудыг танилцуулах, гишүүн орнуудын холбоо барих албан тушаалтнуудыг хооронд нь холбох, эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа болон гэмт этгээд шилжүүлэх авах хүсэлт илгээсэн, хүсэлтийг хүлээн авсан орнуудын албан тушаалтны хоёр талт уулзалтыг зохион байгуулах, гишүүн орнуудад хандаж зөвлөмж гаргах зэрэг эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий төв байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Нэгдсэн хуралдаанаар “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын Нарийн бичгийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим сургалтын хуудсанд “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл оруулах, гишүүн орнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалтын материал байршуулах, холбоо барих албан тушаалтнуудын мэдээллийг шинэчилж байх зорилгоор цэс үүсгэх санаачилга гаргаж, гишүүн орнуудтай зөвлөлдөв.

Түүнчлэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Эрх зүйн туслалцааны хэлтсийн дэд захирал Ван Шү Вэн, Хамтын ажиллагаа, харилцааны хэлтсийн дэд захирал Мао Жи Линг болон АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын харилцааны газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Жеффри М Олсон, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор Минди Жее нартай уулзалт зохион байгуулж, эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн явц, шийдвэрлэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой мэдээллийг хоёр орны прокурорууд харилцан солилцож байхаар тохирлоо. 

Ийнхүү эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой мэдээллийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай харилцан, мэдээлэл авч байхаар тохирсон нь эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой ажиллагаа нь цаг алдалгүй шуурхай явагдах боломжийг бүрдүүлэх юм.