ПРОКУРОРУУДЫГ ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

A- A A+
ПРОКУРОРУУДЫГ ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газруудын хамтран зохион байгуулж байгаа “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт Хустайн байгалийн цогцолборт газарт 2024 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд  болж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд нь хууль сахиулах болон байгаль орчны байгууллагын албан хаагч нарыг чадавхжуулах чиглэлээр сүүлийн 7 жилийн хугацаанд амжилттай хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал, Монгол Улсын ерөнхий прокурорын тушаалаар 2019 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах ажлын хэсгийг байгуулж “Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд (2020)”, “Хууль бусаар мод, байгалийн ургамал бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд (2021)” гарын авлагыг тус тус гаргаж, сургалт, хэлэлцүүлэг зэргийг хийж байсан юм.

Тус сургалтыг дээрх хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг, нийслэлийн 30 гаруй прокурор хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, мод, байгалийн ургамал бэлтгэх гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.