М.ЧИНБАТ: ЦАХИМ ЗАЛИЛАНГААР МӨНГӨ УГААЖ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

A- A A+
М.ЧИНБАТ: ЦАХИМ ЗАЛИЛАНГААР МӨНГӨ УГААЖ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай ярилцлаа.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлыг холбогдох байгууллагууд ярилцаж байна. Эрдэм шинжилгээний хурлаас ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Авлигатай тэмцэх ажлын хүрээнд бидний хийх нэг ажил бол үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үүн дотроо мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой. Хууль хэрэглээн дээр шүүмжлэлтэй ч асуудал байна, ололттой ч тал байна. Олон улсын санхүүгийн байгууллага ФАТФ-аас манайд ямар зөвлөмж өгсөн, олон улсын стандарт шаардлага нь ямар байдаг гэдгийг манай эрдэмтэн судлаачид илтгэлдээ дурдаж байна. Олон улсын авлигын эсрэг конвенци, Венийн конвенци зэрэгт мөнгө угаах гэмт хэргийн шаардлагыг зааж өгсөн. Гэхдээ тухайн улс орон өөрсдийнхөө эрх зүйн онцлогтой уялдуулж бий болгоорой гэж хэлж өгснөөс биш ягштал мөрдөхийг шаарддаггүй. Энэ бүхнийг бид уялдуулж, тэнцвэртэй, олон талаас нь шингээсэн байдлаар зохицуулах ёстой юм. Манайх эх газрын эрх зүйн системтэй улс орон шүү дээ.

Манай улсын эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн онцлог зэрэгтэй уялдуулж хуульчлах асуудал байгаа юм. УИХ, Засгийн газраас шинээр хэрэгжүүлж эхэлж байгаа эрх зүйн шинэчлэлийн бодлоготой цаг үеийн хувьд тааруулан энэ талаарх нөхцөл байдлаа дүгнэх, гарц шийдлийг хэрэгжүүлэх тухайд чиглэсэн арга хэмжээ гэж үзэж болно.

Мөнгө угаах гэмт хэрэг гэж яг юуг хэлээд байна вэ?

-Гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус орлого, мөнгийг хэлээд байгаа юм. Гэмт хэргийн улмаас олсон орлого, эд хөрөнгийг хууль ёсных юм шиг харагдуулж, санхүүгийн системд шилжүүлж дахин ашиг хүртээд байгаа үйл явц. Энэ нь бусад гэмт хэргээ бодоход нийгэмд үзүүлэх хор хөнөөл өндөр байдаг. Санхүүгийн систем дотроо ялгаж танихад бэрхшээлтэй. Ямар гэмт хэрэг дээр суурилах вэ гэхээр маш их хэмжээний хохирол учруулсан хэрэг буюу хулгайлах, залилах, албан тушаалын гэмт хэрэг, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн эсрэг гэмт хэрэг, кибер гэмт хэргүүд байна. Сүүлийн үед блокчейн дээр суурилсан криптовалютын хэргүүд бий болсон.

Нэг үеэ бодоход нийгэм энэ төрлийн хэргийн талаар ойлголттой болсон. Мөрдөн шалгах байгууллагуудад ч практик бий болсоор байна. Мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал манайд ямар байна вэ?

-Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл мөнгө угаах гэмт хэрэгт 2021 онд 329, 2022 онд 336, 2023 онд 308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэргийн шийдвэрлэлтийн хувьд 2021 онд 70 хэрэгт, 2022 онд 80, 2023 онд 88 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. 2024 оны эхний хагас жилийн байдлаар 226 хэрэгт хяналт тавьж, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 322.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 13.5 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад 39.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө битүүмжилж, 70.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураан авсан.

Хэргийн шийдвэрлэлтийн хувьд нэлээд бага хувьтай харагдаж байна. Мөрдөх байгууллагууд дээр авлига албан тушаалын томоохон хэргүүд замхардаг гэдэг хардлага нийгэмд байдаг. Шийдвэрлэлтийн энэ хувиас харахад олон нийтийн шүүмжлэл бодогдож байна л даа?

-Мөнгө угаах гэмт хэргийн цаад суурь гэмт хэрэг нь их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалтан холбогдсон, ялангуяа гадаад улс руу хөрөнгө шилжсэн, үүнтэй холбоотойгоор гадаадаас эрх зүйн туслалцаа авах ажиллагаанаас болж хэрэг удаашрах нөхцөл бий болдог. Эрх зүйн туслалцаа авах ажиллагааг прокурорын байгууллага зохион байгуулах үүрэгтэй байдаг. Энэ ажиллагаанд сүүлийн жилүүдэд нэлээд ахиц гарсныг онцлох ёстой.

Сүүлд томоохон албан тушаалтан Казахстан улс руу мөнгө гаргаад барилга болгочихсон дуулиан дэгдсэн. Мөнгө угаах нь санаатай үйлдэгддэг үү?

-Мөнгө угаах гэмт хэрэг санаатай үйлдэгддэг.

Энэ төрлийн хэргийн шийдвэрлэлтийг харахаар холбогдсон хүмүүс “Хуулийн дагуу ажилласан. Хэлмэгдүүлчихлээ” гэдэг байр суурь илэрхийлэх нь түгээмэл болсон. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ер нь тухайн хүн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Гэхдээ цугларсан нотлох баримтыг үнэлэх дүгнэлт өгөх хүн нь прокурор, өмгөөлөгч, шүүгч. Мөрдөх байгууллага зөвхөн нотлох баримт цуглуулна. Прокурор түүн дээр үнэлэлт өгч саналаа гаргадаг. Хавтаст хэргийг уншиж судлаад нотлох баримттай танилцаад ирэхээр хууль зүйн дүгнэлт өөр болно. Мэргэжлийн хуульчид л хууль зүйн дүгнэлт өгнө. Нөгөө талаар мөрдөн шалгах ажиллагааны арга тактик онцлогтой. Бүхнийг ил тавиад өгчихөөр бодит байдлыг тогтоох ажиллагаанд саад учирна. Тиймээс арга тактик ажиллагаа нууцлалтай байдаг. Тиймээс бид мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл боломжийг нь хангаж өгөх ёстой. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд тулгарч байгаа асуудал ганц манай улсад байгаа юм биш. Олон улсын санхүүгийн систем даяарчлагдчихсан. Шинэ төрлийн санхүүгийн механизм арга хэрэгслүүд бий болсоор байна. Криптовалютын тухай ойлголт манайд 10 жилийн өмнө байсангүй. Нэг ёсондоо шинэ сорилтууд Монгол Улсад төдийгүй олон улсад бий болсоор байгаа. Дэлхий нийтээрээ хэрхэн яаж үр дүнтэй тэмцэх тухай эрэлхийлэл явагдсаар байна. Бид ч олон улсын сайн туршлагаас суралцах, нутагшуулах, таньж мэдэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөр, байгууллагатай байнга ажиллаж байна. Энд бидний үндэсний дархлаа, эрх зүйн хамгаалалт байх ёстой. Мөнгө угаах гэдэг зөвхөн цагаан захтны ч хэрэг биш. Санхүүгийн мэдлэгтэй хүмүүс хийх боломжтой. Залилангийн гэмт хэрэг гэхэд маш их хэмжээний хохиролтой, улс дамначихсан үйлдэж байна шүү дээ.

Мөрдөгч, прокурор зэрэг хуулийнхан өөрсдөө энэ төрлийн хэргийг мөрдөхөд нарийн мэдлэг чадвартай байхыг шаарддаг. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

Бид хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тал дээр байгууллага бүр дотроо зохион байгуулж байна. Бид аль болох нэг ойлголтонд хүрэхийн тулд гадаад дотоодын сургалтад мөрдөх байгууллагатайгаа зэрэгцэж сууж байж ойлголтоо авч байгаа юм. Цаашдаа мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах, шүүн таслах ажиллагаа, хууль тогтоомжоо нэг мөр ойлгодог байхын тулд нэг ойлголттой явж байж ажиллагаанд ахиц гарна.

Саарал жагсаалтад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлаар манайх бүдэрч орж байсан удаатай. Ер нь манайд энэ төрлийн эрсдэл үргэлж байдаг гэсэн үг үү?

Олон улсын санхүүгийн ФАТФ байгууллага манайхыг эрсдэлтэй орчин гэж үзээд байдаг юм. 2019 онд саарал жагсаалтад оруулаад есөн сарын дараа гаргаж байсан. ФАТФ-аас өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улс байнга тайлангаа тавьдаг. Хамгийн сүүлд 2023 онд 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Азийн анхны улс гэдэг үнэлгээ авсан. Өнөөдөр Саудын Арабад Ази Номхон далайн орнуудын байгууллагуудын хурал дээр Монгол Улсыг сайшаасан тухай дуулсан. Гэхдээ бид тайвшрах болоогүй. 2029 онд дахин үнэлүүлнэ. Түүнээс өмнө хийх хөтөлбөр төлөвлөгөө байна. Үндэсний хууль тогтоомж, үндэсний системээ дархлаажуулах ажил байгаа юм. Түүнд бэлдэж байгаа нэг ажил бол өнөөдрийн энэхүү арга хэмжээ.

Хурлын үеэр шүүх байгууллагын зүгээс энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд шүүхийн эрх хэмжээ хязгаарлагдмал гэдгийг онцолж байсан. Тэгвэл прокуроруудад ямар бэрхшээл байна вэ?

Ерөөсөө мөрдөн шалгах байгууллагууд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой. Хуулийнхаа стандарт шаардлагыг боловсронгуй болгох тухай юм. Мөнгө угаах гэж юуг хэлэх, суурь гэмт хэргээ хэрхэн тодорхойлох ёстой юм гээд явах хэрэгтэй байгаа. Үүнийг тодорхойлохын тулд үндэсний эрсдэлийг тодорхойлох ёстой байдаг. Манайх 2017 онд үндэсний эрсдэлийг тодорхойлсон. Өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. Монголд авлига албан тушаалын хэрэгтэй зэрэгцээд үндэсний эрсдэлийг бий болгож байгаа том асуудал цахим орчинд хохирол учруулж байгаа гэмт хэрэг болж байна. Тиймээс энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 2024.09.27 №182 (7548) Б.Энхзаяа