Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 45615, мөрдөн байцаалтын 4091 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 646 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 82, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлига, албан тушаалын 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн дугаар хорооны засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.С, зохион байгуулагч Д.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажил гүйцэтгээгүй иргэнд цалин олгож, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Аймгийн засаг дарга Ч.Ч, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан Г.О, У.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар эзэмших эрх олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сум хариуцсан газрын даамал Б.К нь газрын төлбөр төлөөгүй иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах ажлыг зориуд хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Сэлэнгэ аймгийн прокурорын газраас иргэн П.Ц нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Т.Б нь ашиг олох зорилгоор байлдааны зориулалттай 620 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба