Дорноговь аймгийн нийт хүн амын 35 хувь буюу 26 мянга гаруй нь хүүхэд байгаагаас сүүлийн 3 жилийн хугацаанд 67 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.
Тодруулбал, 2022 онд 18, 2023 онд 23, 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 26 хүүхэд хохирчээ.
2024 он гарснаас хойш хүүхдүүд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас ихэвчлэн хохирсон байна. Хүүхэд хохирсон гэмт хэргийн 73 хувийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.
Тус аймгийн прокурорын газраас хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэстэй хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын үүрэг оролцоо” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, төрийн 13 байгууллагын төлөөлөл оролцуулан, санал солилцжээ.
Цаашид хүүхдийн эрхийг хамгаалахад боловсролын болон бусад холбогдох байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба