“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО

A- A A+
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн сахилгын хорооноос санаачлан зохион байгуулсан “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиум 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр боллоо.  

Энэхүү симпозиум нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчидын ёс зүйн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой бөгөөд 250 орчим хуульч оролцлоо.

Уг симпозиумын нээлтийн үеэр Төрийн соёрхолт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл хуульчид нь ёс зүйгүй бол нийгмийн харилцааг зохицуулж чадахгүйд хүрэх учир ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллах ёстой талаар үг хэлж, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Батболд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүйн хэм хэмжээ: одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Ц.Давхарбаяр “Шүүгчийн ёс зүй: анхаарал хандуулах асуудал” сэдвээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлэв.   

Мөн Төрийн албаны зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Нотариатчидын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зэрэг байгууллагын төлөөлөгчид ёс зүйн өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэлийн асуудлаар илтгэл тавьж, хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Тус симпозиумд 40 гаруй прокурор оролцсон бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн Н.Ганболд “Прокурорын ёс зүйн асуудал” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар танилцууллаа.

Симпозиумын төгсгөлд хуульчийн мэргэжлийн ёс зүйн нэгдмэл байдлыг хангах, ёс зүйн хариуцлагын тогтолцоог сайжруулж, хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.