Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 9 асрамж, халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ хүрээнд асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдаж буй 0-18 насны хүүхдүүдийн баримт бичгийг судалж үзэхэд хүүхдийн эцэг, эх тодорхойгүйн улмаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, хагас, бүтэн өнчин болохыг тогтоолгоогүй шалтгаанаар тэжээгчээ алдсаны тэтгэмжид тус тус хамрагдаагүй нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх, зөрчигдөхөд хүргэж байгааг тогтоосон байна.
Дээрх асрамж, халамжийн төвүүдээс гаргасан хүсэлтийг судалж, хүүхдийн насыг тогтоолгох, хүүхдийн мөнгө гаргуулах зэргээр шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох арга хэмжээг үе шаттай авахаар төлөвлөжээ.
Тус прокурорын газар нь 2021 оноос хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бичиг баримтгүй хүүхдийн эрхийг сэргээлгэхэд анхаарч ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба