“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ” ЭРХИЙН ТАЛААР СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ” ЭРХИЙН ТАЛААР СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Прокурорын байгууллагаас зохион байгуулж буй “Эрүүдэн шүүхээс ангид байх хүний эрх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэгж прокурорын газрууд үе шаттай арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн үндэсний комисстой хамтран мөрдөгч, прокурор болон төрийн байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, эрүүдэн шүүхтэй холбоотой аливаа үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.  

Хэнтий аймгийн прокурорын газраас прокурор, мөрдөгч болон тус аймгийн төрийн байгууллагын албан хаагчдад  “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, эрүү шүүлтийн хор аюул, түүнээс ангид байх эрхийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд тус аймгийн Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх, Татвар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын газар, сумдын төрийн албан хаагч зэрэг нийт 200 гаруй хүн цахимаар оролцжээ.

Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн алба болон Төмөр замын цагдаагийн газар, Иргэний нисэхийн цагдаагийн хэлтэстэй хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ үеэр прокурор, мөрдөгч нарт эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүхийн аливаа хэлбэрийг гаргахгүй байх талаар мэдээлэл өгч, анхаарах асуудлын талаар санал солилцжээ.

Мөн Баянзүрх, Багануур дүүргийн прокурорын газраас төрийн байгууллагын албан хаагч болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх” сэдвээр сургалт хийж нийт 200 орчим албан тушаалтан хамрагдсан байна.

,