ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Та мөрдөгч, прокурорын шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар болон прокурор, прокурорын ажилтны сахилга хариуцлага, ёс зүйн асуудлаар прокурорын байгууллагад хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргах боломжтой. Өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр гаргах бөгөөд баталгаат шуудан, цахим шуудангаар дамжуулан илгээж болно.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХДАА ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРААРАЙ.

  • ХААНА, ХЭНД ХАНДАЖ ГАРГАХ ВЭ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг эхлээд мөрдөгчид, эсхүл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурорт хандаж гаргана.

Мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналтын прокурорт, хяналтын прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт, нэгжийн дээд шатны прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг дээд шатны прокурорын газарт гаргана.

  • ХУУЛИЙН ХУГАЦААНД ГАРГАХ.

Таны хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг “Хариу мэдэгдэх хуудас”-аар өгнө.  Та уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол “Хариу мэдэгдэх хуудас”-ыг гардаж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор нэгжийн дээд шатны прокурорт хандаж гомдлоо гаргана. Харин нэгжийн дээд шатны прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл хариу мэдэгдэх хуудсыг гардаж авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болно.

  • ЗААВАЛ ТУСГАХ ЗҮЙЛС, ХАВСАРГАХ БАРИМТ.

- Гомдол гаргагчийн овог, нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг,

- Хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар,

- Холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг,

- Холбогдох хэргийн явц, шийдвэрлэлтийн талаар товч, тодорхой бичих,

- Гомдол, хүсэлтийг тод, гаргацтай бичих,

- Өмнөх шатны прокурорын шийдвэрийг буюу “Хариу мэдэгдэх хуудас”-ны хуулбарыг хавсаргах,

- Гарын үсгээ зурж баталгаажуулсан байх.

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ЦАХИМ ШУУДАНГААР ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Иргэд прокурорын байгууллагад гаргах өргөдөл, гомдол, хүсэлтээ заавал биечлэн очиж өгөхгүй байж болно. Тухайн гомдол гаргаж буй прокурорын газрынхаа баталгаат болон цахим шуудангийн хаягаар хүргүүлж болно.

Та прокурорын газруудын баталгаат шуудангийн хаягийн мэдээллийг prosecutor.mn сайтын Иргэн танд булангаас авах боломжтой.

Цахим шуудангаар илгээх бол prosecutor.mn сайтын Өргөдөл, гомдол булангаар дамжуулан илгээнэ.

Мөн Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл төвүүдэд байрлаж байгаа “Прокурорын байгууллагын мэдээлэл, лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-өөр дамжуулан өргөдөл, гомдол гаргах боломжтой.

АЛЬ Ч ХЭЛБЭРЭЭР ИРҮҮЛСЭН ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.

  • Гарын үсгээ зурж баталгаажуулах
  • Холбоо барих утасны дугаар, хаягийг бичих,
  • Өмнөх шатны прокурорын шийдвэрийн хуулбарыг хавсаргах,
  • Иргэний үнэмлэх, өмгөөллийн үнэмлэхийн хуулбарыг PDF болон зурган хэлбэрээр хавсаргаж илгээх.