Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дэх удаагийн (COP29) дээд түвшний нэгдсэн хуралдааны хүрээнд болсон “Уур амьсгалыг сайжруулахад хуулийн байгууллагын оролцоо” сэдэвт бага хуралд оролцлоо.
Хурлын үеэр Азарбайжан, ОХУ, Кени Улсын ерөнхий прокурор, Бразил Улсын ерөнхий прокурорын орлогч, Олон Улсын Прокуроруудын Холбооны дэд ерөнхийлөгч, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын гүйцэтгэх захирал, Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын ерөнхийлөгч нар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн санаачилга, арга хэмжээний талаар илтгэл тавилаа.
Тухайлбал, Азербайжаны прокурорын байгууллага байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа бол Бразил Улс нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ховор ургамал, амьтны төрөл зүйл бүхий бүс нутгаа хамгаалахдаа технологийн дэвшлийг ашиглаж, байгальд ээлтэй төслүүдийг дэмжсэнээр бодитой үр дүнд хүрсэн туршлагаасаа хуваалцлаа. Мөн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол) нь 2010 оноос хойш Байгаль орчны аюулгүй байдлын хөтөлбөрөөр дамжуулан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж байгаа бөгөөд хууль бусаар мод бэлтгэл, зэрлэг ан амьтдын наймаанаас олсон хууль бус хөрөнгө орлогыг илрүүлэх, хураан авах ажиллагаанд улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын оролцоо, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэж буй талаар танилцуулжээ.
Олон улсын хуралдаанд оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хуулийн байгууллагуудын санаачилга, хамтын ажиллагааны чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Тус бага хуралд 30 гаруй улсын ерөнхий прокурор, орлогч, төлөөлөгчид оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүс нутагтаа хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба