Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар болон Засаг дарга нарт “Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад Засаг даргын үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Сум, дүүргийн Засаг дарга үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан иргэнд шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх талаар туслалцаа үзүүлж, хамтран ажиллана”, “тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн этгээд болон сум, дүүргийн Засаг даргаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, тогтоолын биелэлтийг хойшлуулсан насанд хүрсэн этгээдийг зохих ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх” гэж тус тус заасан байдаг.
Сургалтын хүрээнд шинээр томилогдсон сумдын Засаг дарга нарт хуулиар хүлээсэн дээрх чиг үүргийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгч, санал солилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба