Олон улсын Прокуроруудын холбооны Ази, Номхон далайн бүсийн 11 дүгээр чуулган Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгод зохион байгуулагдаж, тус чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, төлөөлөгчдийн хамт оролцлоо.
Тус чуулганд 30 гаруй улсын ерөнхий прокурор, прокуроруудын төлөөллөөс бүрдсэн 140 орчим төлөөлөгч хүрэлцэн ирж, “Технологийн эрин үед прокурорын үйл ажиллагааг үр дүнтэй хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд хуралдлаа.
Сүүлийн жилүүдэд техник, технологийн хурдацтай хөгжлийг дагаж дэлхийн улс орнууд урьд өмнө байгаагүй шинэ сорилтуудтай тулгарч буйтай холбоотойгоор технологид суурилсан кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд прокуроруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал байгааг чуулганы салбар хуралдаануудаар онцлон хэлэлцсэн байна.
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид чуулганы үеэр Сингапур, Малайз, Вьетнамын прокуроруудтай уулзалт хийж, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа болон прокурорын байгууллага дахь дижитал шилжилт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны техникийн дэвшил, дижитал нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, кибер гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцож, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн чуулганы үеэр, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон улсын Прокуроруудын холбооны удирдах албан тушаалтнуудтай уулзаж, 2025 онд Монголд зохион байгуулах Олон улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дугаар чуулганы бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба