МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТОЙ УУЛЗЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТОЙ УУЛЗЛАА

Олон улсын Прокуроруудын холбооны Ази, Номхон далайн бүсийн 11 дүгээр чуулган Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгод зохион байгуулагдаж, тус чуулганы хүрээнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Тайландын Хаант Улсын ерөнхий прокурор Пирах Порнсомбонсиртэй уулзлаа. 

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ноён Пирах Порнсомбонсирт Тайландын Хаант Улсын ерөнхий прокуророор томилогдсонд баяр хүргээд, Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон, хоёр орны прокурорын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж ирснийг цохон тэмдэглэв.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг шуурхай явуулах, мөн 2 орны прокуроруудыг харилцан сургах, туршлага солилцох зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Тайландын Хаант Улсын ерөнхий прокурор Пирах Порнсомбонсир хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж, талууд Монгол Улс, Тайландын Хаант Улсын ерөнхий прокурорын газар хооронд 2015 онд байгуулсан “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т ойрын хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулан, харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцлоо.