ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ АХМАДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ, САЙН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ АХМАДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ, САЙН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулагдаж, прокурорын байгууллагын Ахмадын холбооны төлөөлөл оролцоо.

Үндэсний чуулганд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, Ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, Ахмадын эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх төрийн бодлого, Хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, Ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээ, Идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээ, Ахмад настны эрхийг хангах зарим асуудал зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан байна.  

Прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэр тус холбооны үйл ажиллагаа, шинэлэг санаачилга, сайн туршлагаас үндэсний чуулганы оролцогчдод танилцууллаа.

Прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэр:  

Прокурорын байгууллагын Ахмадын холбоо нь ахмад прокурор, ажилтны нийтлэг эрх ашгийг хамгаалах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдлэг, туршлага, ур чадварыг  залуу үедээ өвлүүлэн үлдээх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус холбоонд өнөөдрийн байдлаар 350 гаруй ахмад прокурор, ажилтан бүртгэлтэй байна. Ахмадын холбооны дэргэд 7 хүний бүрэлдэхүүнтэй Ахмадын зөвлөл  ажилладаг бөгөөд зөвлөлийн гишүүд чиг үүрэг, үйл ажиллагааныхаа чиглэлээр  ажлын хэсгүүдийг ахлан ажилладаг. Тухайлбал, Хуулийн төсөлд санал өгөх,  Заавар, журмын төсөлд санал өгөх, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлэх, сургалт уулзалт, ажил, амьдралын туршлагыг залуу үед өвлүүлэх ажлыг зохион байгуулах, Спорт, соёл урлаг, аялал жуулчлалыг зохион байгуулах зэрэг ажлын хэсгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

2023 онд Прокурорын байгууллагын “Ахмадын Өргөө”-ний байр  ашиглалтад  орсноор ахмад прокурор, ажилтнууд чөлөөт цагаа ая тухтай, үр өгөөжтэй өнгөрүүлэх, сургалт, уулзалтуудаа зохион байгуулах, залуучуудтайгаа хамтран  ажиллах, тэдэнд зөвлөх, соёлын арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдсэн. 

Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний оролцоо идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн нэгдсэн үйлчилгээний төв болох Дүнжингарав, Мишээл төвүүдэд байрлаж буй "Прокурорын байгууллагын нэг цэгийн үйлчилгээ"-нд ахмад прокурорууд ажиллаж байна. 

Прокурорын байгууллагын Ахмадын холбоо нь ахмад прокурор ажилтнуудынхаа амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэж, ахмад прокурор, ажилтны арвин туршлагыг залуу үед өвлүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний оролцоо, идэвхийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Ахмадын үндэсний чуулганд 900 гаруй ахмад настан оролцсон бөгөөд чуулганаас төрийн болон төрийн бус байгууллагуудад ахмад настны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг туслалцаагаа өргөжүүлэх, хүртээмжтэй байх талаар зөвлөмж, ахмад настнуудад үндэсний түүхэн уламжлалаа хойч үедээ өвлөн үлдээх, сурган хүмүүжүүлэхийг уриалж уриалга гаргажээ.