2024 ОНД - ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ 14.9 ХУВИАР ӨСЖЭЭ

A- A A+
2024 ОНД - ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ 14.9 ХУВИАР ӨСЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 126.413 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2023 онтой харьцуулахад 14.9 хувиар өссөн бөгөөд 78.7 хувь нь Нийслэлд, 21.3 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс Цагдаагийн байгууллага 98.7 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.2 хувийг, Тагнуулын байгууллага 0.1 хувийг нь хүлээн авч, шалгасан байна.

2024 ОНД - СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН

Прокурорын байгууллага 2024 онд хэрэг бүртгэлтийн 74.438, мөрдөн байцаалтын 28.543 хэрэгт хяналт тавьж, 15.969 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 520 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 1268 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сэжигтнээр баривчилсан хүн 42 хувиар, цагдан хорих таслан сэргийлэх арга авсан хүн 9.2 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байна. 

2024 ОНД - ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС БУСДАД УЧИРСАН 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

2024 онд гэмт хэргийн улмаас бусдад 3.7 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.7 их наяд төгрөг буюу 46 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.

Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 157.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөн 304 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчид олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.

2024 ОНД - АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ 4.9 ХУВИАР ӨСЖЭЭ

Прокурорын байгууллага энэ онд авлига, албан тушаалын 1742 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.9 хувиар өсжээ.

Үүнээс 306 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 197,

- Хахууль авах, өгөх 128,

- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 8,

- Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 3.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 85.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.6 хувь нь Нийслэлд, 33.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 78 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 16.6 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 10.9 хувь, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 4.5 хувийг эзэлж байна.

2024 ОНД – МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ 4.5 ХУВИАР БУУРСАН

Прокурорын байгууллага 2024 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 294 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 75 хүнд холбогдох 60 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөнгө угаах гэмт хэргийн 17 хувь нь Авлига, 13.9 хувь нь Хулгайлах, 10.2 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 1 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.

Гэмт хэргийн улмаас 27.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.7 тэрбум  төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 336.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 51.8 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авчээ.

2024 ОНД - МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ДИЙЛЭНХ НЬ 18-30 НАСНЫХАН ХОЛБОГДСОН

Прокурорын байгууллагаас 2024 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 69.4 хувь нь 18-30, 22.8 хувь нь 31-44, 3 хувь нь 45-аас дээш, 4.8 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 86 хувь нь эрэгтэй, 63.6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  87.2 хувь нь Нийслэлд, 12.8 хувь нь Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв, Хөвсгөл аймагт бүртгэгджээ.

Энэ төрлийн хэрэг 2023 онтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.

2024 ОНД - ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН 4274 ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ АЖИЛЛАВ

2024 онд хүүхдэд хохирол учруулсан 4013 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 онтой харьцуулахад 17 хувиар өссөн байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,

- Хулгайлах 1119,

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 760,

- Хүчиндэх 675,

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 354,

- Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 227,

- Залилах 222,

- Дээрэмдэх 147 гэмт хэрэгт нийт 4274 хүүхэд хохирогчоор тогтоогджээ. 

Үүнээс 63.3 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 29.1 хувь нь 8-13, 7.6 хувь нь 8 хүртэлх насныхан байна. Нийт хохирогч хүүхдүүдийн 2165 нь эрэгтэй, 2109 нь эмэгтэй хүүхэд байна.

Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 1450 хүнд холбогдох 1174 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

2024 ОНД - ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ СЭЛЭНГЭ, ТӨВ, ДОРНОГОВЬ АЙМАГТ ХАМГИЙН ИХ ҮЙЛДЭГДСЭН БАЙНА

Прокурорын байгууллагаас 2024 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 863 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 428 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлжээ.

Хүрээлэн байгаа орчны эрсэг гэмт хэрэг Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Булган, Хэнтий, Дорноговь аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.

2024 ОНД - ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРСАН БАЙНА

Прокурорын байгууллагаас 2024 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 769 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 0.5 хувиар буурсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 456 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 480 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан 469 хүний 1 хувь нь 18 хүртэлх, 18.1 хувь нь 18-30, 22.1 хувь нь 45-аас дээш, 59 хувь нь 31-44 насныхан байгаа бол 41.3 хувь нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлджээ.

Хүйсийн хувьд 94.6 хувь нь эрэгтэй, 57.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн 50.1 хувь нь Нийслэлд, 49.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.