“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Прокурорын байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нийслэлийн төрийн байгууллагын албан тушаалтнуудад зориулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 04-ний өдрүүдэд зохион байгуулсан сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Төрийн сан, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Хяналт шалгалтын газар, Байгаль орчны газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Архивын газар зэрэг байгууллагуудаас нийт 171 албан тушаалтан хамрагдсан байна.
Уг системийг хэрэгжилтэд нэвтрүүлснээр зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий 13 мянга гаруй албан хаагч зөрчлийн талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд бүртгэн, хэргийг шийдвэрлэж буй явцыг хянах, зөрчлийн тоон мэдээллийг нэг дороос харах боломжтой болох юм. Энэ нь байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулж, улсын хэмжээнд нэгдсэн, бодит тоон мэдээллийг нэг эх сурвалжаас гаргах боломжийг бүрдүүлэх юм.
Мөн тодорхой төрлийн зөрчилд оноосон торгуулийг тус систем автоматаар 50 хувиар хөнгөрүүлэн тооцох, зөрчлийн талаарх мэдээлэл болон нэхэмжлэлийг “E-Mongolia” платформоор дамжуулан хүргэх зэргээр иргэдийн зардал, цаг хугацааг хэмнэж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай болгоход чиглэж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба