Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар 374 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.4 хувиар өсчээ. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 65.7 хувь нь “Цагаан хад” суурьшлын бүсэд бүртгэгджээ.
Нийт зөрчлийн 77.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байна. Тодруулбал, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 107, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 72, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 13 зөрчил бүртгэгдсэн байна.
Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуйн нэгжийн 70 гаруй жолооч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийжээ.
Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг нэг аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба