Г.ЦОГТГЭРЭЛ: "ҮЙЛДЛЭЭ ХЯНАЯ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
Г.ЦОГТГЭРЭЛ:

Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Г.Цогтгэрэлтэй тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцлаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байна вэ? 

Тус аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2024 онд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалсан. 2024 онд аймгийн хэмжээнд нийт 820 гэмт хэрэг бүртгэгдэж, хяналт тавьж ажилласан. Үүнээс 34.5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг, 31.7 хувийг өмчлөх эрхийг эсрэг, 20.4 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, үлдсэн хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дотроо зонхилон үйлдэгдэж буй гэмт хэргүүд ямар хэргүүд байна вэ?

2024 онд Өмчлөх эрхийн эсрэг 260 гэмт хэрэг үйлдэгдсэнээс хулгайлах, залилах гэмт хэрэг 71 хувийг эзэлж байна. 

Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг 100, залилах гэмт хэрэг 87, мал хулгайлах гэмт хэрэг 20, эд хөрөнгө устгах, гэмтээх 21, дээрэмдэх 4, хөрөнгө завших гэмт хэрэг 9 гарсан. 2023 онтой харьцуулан үзэхэд хулгайлах гэмт хэрэг 26.4 хувиар, мал хулгайлах 39.3 хувиар, хөрөнгө завших 50 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 20 хувиар тус тус буурсан, харин залилах, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг тус бүр 70 хувиар өссөн байна.

Төв аймгийн нутаг дэвсгэрээр орон нутгийн замууд дайран өнгөрдгөөс шалтгаалаад зам тээврийн осол их гардаг. Өнгөрсөн жилийн тухайд нөхцөл байдал ямар байсан бэ?

Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2024 онд 168 үйлдэгдэж зам тээврийн ослын улмаас 71 хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд гэмтэл учирч, 34 хүний амь нас хохирсон. Дээрх 168 хэргээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг 55 байна.  

Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг нийт гэмт хэргийн 52.3 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон бол  6.5 хувь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тус тус үйлдсэн байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хувьд хэчнээн гарсан бэ?

Хүрээлэн байгаа орчны эсрэг 30 гэмт хэрэг үйлдэгдсэнээс хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн. Харин “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг өмнөх жилээс 66.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Авлигын гэмт хэргийг бууруулах чиглэлээр прокурорын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Төв аймгийн прокурорын газраас 2024 онд авлигын 10 хэрэгт хяналт тавьж ажилласан. Авлигын гэмт хэргийн 70 хувийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 20 хувийг “Хахууль авах”, 10 хувийг “Хахууль өгөх” гэмт хэрэг эзэлж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн тухайд, өнгөрсөн онд нийтийн албан тушаалтан хахууль авсан 2, хахууль өгөх 1, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 6, нийт 11 хүнд холбогдох 6 хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нэг хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлээд байна.

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг 2023 онтой харьцуулахад 40 хувиар өссөн.  Тиймээс тус аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Үйлдлээ хяная” нөлөөллийн аяныг зохион байгуулсан.   

Энэ аяны хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, уулзалтуудыг үе шаттайгаар хийж, хахууль өгөх, авах гэмт хэргийн улмаас үүсэх үр дагавар, хохирол, хор уршиг, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэхээс гадна зөвлөгөөн хэлэлцүүлэг хийх, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна.