Улсын Ерөнхий прокурорын газраас “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г улс орон даяар нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байгаа сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллагууд, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын 1000 гаруй албан хаагч хамрагдаад байна.
Сургалтын онцлог нь зөвхөн системийн хэрэглээний мэдлэг олгохоос гадна зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бодит асуудлуудыг хэлэлцэн, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байгаад оршино.
Нэгдсэн системийг хэрэгжүүлснээр эрх бүхий албан тушаалтнууд прокурорын байгууллагад биечлэн ирэлгүйгээр зөрчлийн хэрэг, гомдлын дугаарыг системээс шууд авах, шийдвэрээ цахимаар бүртгэх боломж бүрдэж, ажлын ачаалал буурч, үйл ажиллагаа хөнгөвчлөгдөнө. Түүнчлэн системээс мэдэгдэл, анхааруулга, сонордуулга зэрэг мэдээллийг автоматаар илгээдэг болсноор зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангаж хамгаалахад чухал дэмжлэг болж, төрийн үйлчилгээ илүү шуурхай, үр дүнтэй болох юм.
Мөн энэхүү системийг банк, төлбөрийн үйлчилгээ болон бусад цахим платформуудтай уялдуулснаар иргэд болон хуулийн этгээд оногдуулсан торгуулийг онлайнаар, хурдан шуурхай барагдуулах, торгуулийн шийтгэлийн биелэлт сайжрах зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилт илүү бодитой хангагдаж, үйлчилгээ ил тод, хүртээмжтэй болох нөхцөл бүрдэх юм.
Сургалт одоогоор Татварын ерөнхий газарт үргэлжилж байгаа бөгөөд цаашид бусад байгууллагад шат дараатай ажиллахаар төлөвлөж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба