Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран тус аймгийн Дөргөн, Чандмань, Манхан сумдад ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын иргэдэд яриа таниулга хийжээ.
Мөн энэ үеэр хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн талаар дээрх сумдын Хүүхдийн зөвлөлийн гишүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 120 гаруй сурагчдад сургалт зохион байгуулсан байна.
Сургалтын хүрээнд тус аймагт зонхилон үйлдэгдэж буй цахим залилан, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Цаашид хууль сурталчлах, иргэдэд хууль эрхзүйн мэдээлэл өгөх уулзалт, арга хэмжээнүүдийг бусад сумдад үе шаттай хийхээр төлөвлөсөн талаар тус аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба