Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг хялбар, боловсронгуй болгох, чанар, үр нөлөөг сайжруулах хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тус дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд гарч буй зөрчил, дутагдал, анхаарах асуудлын талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлээгүй шалтгаан нөхцөл, гарч буй зөрчил, дутагдлыг арилгахад анхаарч, шүүхээс оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээний биелэлтийг хангах, ял шийтгүүлсэн хүний хуульд заасан эрхийг зөрчихгүй байх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ.
Уулзалтын үр дүнд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх ажлыг хялбар, боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлыг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба