Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Засаг даргын тамгын газрын алба хаагчдад “Авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар төрийн алба хаагчдыг авлига, албан тушаалын гэмт хэрэг, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, шийдвэр гаргахад нөлөөлөх, албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа хэлбэрээр төлбөр, бэлэг авах нь хууль бус үйлдэл болох талаар хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулсан байна.
Мөн төрийн албан хаагчид гүйцэтгэж буй үүрэгтээ хамаарахгүй аливаа зар, сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалаа ашиглах, байгууллага, аж ахуй нэгжийг төлөөлөх зэрэг нь ашиг сонирхлын зөрчил болох тул анхаарч ажиллах талаар зөвлөж, хууль эрх зүй болон соён гэгээрүүлэх чиглэлээр ярилцлага өрнүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба