ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХАД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХАД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хамтран “Эрүүл мэндийн яамны дэргэдэх орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт гаргахад тулгарч буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн дүүргийн прокурорын газрын прокурорууд болон Эрүүл мэндийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Баянгол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нийт 87 алба хаагч оролцсон байна.  

Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагын төлөөллөөс “Монгол улсад хийгдсэн шүүх эмнэлгийн хамтарсан шинжилгээний өнөөгийн байдал”, “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх олон улсын туршлага”, “Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа байдал, хуулийн зохицуулалт”, “Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл”, “Мөрдөн шалгах ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээл” зэрэг сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Оролцогчид дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, шинжээчийн дүгнэлт гарахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх боломж нөхцөлийн талаар санал солилцож, шинжээчийн дүгнэлт удааширснаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрх зөрчигдөхөд хүрч байгааг онцолж, хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллах талаар хэлэлцсэн байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг харьяалах дээд байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.