Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монголын Хуульчдын холбоотой хамтран оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа.
“Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их засаг Олон улсын их сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургуулийн 41 оюутан, сонсогчдоос 27 илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж, дүгнэсэн байна.
Илтгэлийн уралдааны тэргүүн байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Г.Анхзаяа, Г.Болор нарын “Мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, шүүхийн байгууллагад хандах, үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах эрхийг хангах нь”, дэд байранд Дотоод хэргийн их сургуулийн оюутан О.Номин-Эрдэнийн “Бага насны хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаа дахь хүүхдийн эрхийг хамгаалахад хиймэл оюун ухаан ашиглах боломж”, гутгаар байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Э.Жавзмаа, Т.Анужин нарын “Хяналтын техник хэрэгсэл (цахим гав)-ийг ашиглан зорчих эрхийг хязгаарлах ял болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, тусгай байранд тус сургуулийн оюутан А.Сумъяабэйс, Н.Түшиг нарын “Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд техник, технологийн дэвшлийг ашиглах нь: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн газарт үзлэг хийх жишээн дээр” сэдэвт илтгэл тус тус шалгарсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба