Говь-Алтай аймагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийж буй ажлын талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Цогтбаяртай ярилцлаа.
Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, нөхцөл байдал ямар байна вэ?
Говь-Алтай аймгийн хэмжээнд 2024 онд зөрчлийн шинжтэй 2773 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 22.2 хувиар өссөн. Хамгийн их үйлдэгдэж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчлүүд байдаг. Зөрчилд холбогдсон иргэдийн 54.8 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн байна.
Зөрчлийн хэргийн улмаас бусдад 180 сая төгрөгийн хохирол учирснаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирлыг бүрэн төлүүлж, хүний зөрчигдсөн эрхийг сэргээж ажилласан. Мөн эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт 1243-г бичиж, шүүхээр хэлэлцүүлсэн нь 100 хувь биелсэн. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан торгох шийтгэлүүдийг шүүхээс хүчингүй болгосонтой холбоотойгоор үндэслэлгүй торгууль төлсөн иргэдийн торгуулийг холбогдох Төрийн сангийн данснаас буцаан олгуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Говь-Алтай аймагт гэмт хэргийн гаралт ямар байна вэ? Зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг юу байна вэ?
Тус аймгийн прокурорын газар нь 2024 онд нийт 651 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өссөн. 2024 онд шинээр 302 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүн ам ихээр төвлөрсөн аймгийн төвд 63 хувь нь үйлдэгдсэн байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн газраар нь авч үзвэл 39.2 хувь нь гудамж талбайд, 22.1 хувь нь замын хөдөлгөөнд оролцох үед, 4.8 хувь нь ахуйн хүрээнд, 5.4 хувь нь бэлчээрт, 9.3 хувь нь зах худалдааны төвүүдэд үйлдэгдсэн байна. Ихэвчлэн хулгайлах, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас 15 хүний амь нас хохирч, 68 хүний эрүүл мэндэд хөнгөн, 14 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 8 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан.
Эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн тоо баримтыг танилцуулбал?
Аймгийн прокурорын газраас 2024 онд нийт 311 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 249 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.
Шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн 48.9 хувийг Өмчлөх эрхийн эсрэг, 17.3 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 16.1 хувийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, 4.1 хувийг Авлигын гэмт хэрэг, 2.9 хувийг Эдийн засгийн гэмт хэрэг, 2.7 хувийг Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа нь нийт хэргийн 92 хувийг эзэлж байна.
Харин 2025 оны I улирлын байдлаар 170 гомдол, мэдээллийг хүлээн авч хяналт тавьснаас 88 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 76 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас 65 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байна.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хоёр хэрэг тутмын нэг нь өмчлөх эрхийн эсрэг хэрэг байна. Иргэд яагаад энэ төрлийн гэмт хэрэгт өртөж байна вэ?
Говь-Алтай аймгийн хэмжээнд 2024 онд Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 234 бүртгэгдсэн. Тэр дундаа цахим хэрэгсэл ашиглаж үйлдэгдсэн залилах гэмт хэрэг нийт хэргийн 21.9 хувийг эзэлж байна.
Иргэд цахим орчинд нийтлэгдсэн “өндөр хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэх хуурамч мэдээлэлд итгэх, цахимаар эд зүйл худалдан авах зорилгоор урьдчилан мөнгө шилжүүлэх зэргээр залилуулж байна. Мөн цахим хаягийнхаа нууц үг, хувийн мэдээллээ бусдад алдсаны улмаас цахим залиланд өртөх тохиолдлууд багагүй гарч байна.
Говь-Алтай аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл, байдал ямар байдаг вэ? Аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгвөл?
Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2024 онд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт багтах Хүрээлэн байгаа орчны эсрэг 5 хэрэгт хяналт тавьж ажилласан. Эдгээр нь бүгд Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэргүүд байсан. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, газрын хэвлийд халдсан 2 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.
Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр анхаарч ажилладаг. Говь-Алтай аймгийн прокурорын газрын хувьд энэ чиглэлээр хийсэн онцлох ажлууд юу байна вэ?
Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллага болон өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад анхаарал хандуулан ажиллаж байна. Аймгийн төв Алтай хот нь 18 мянга гаруй хүн амтай. Аймгийн төвийн гэрэлтүүлэг, цахилгааны шонгууд Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт шаардлагад нийцэхгүй байгаад дүгнэлт хийж, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанид цахилгааны аюулгүй байдал, техникийн шаардлагыг хангуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүргүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.
Мөн Алтай хотын таван мянга гаруй хүүхдийн эрүүл аюулгүй орчинд тоглох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн тоглоомын талбайг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд хүүхдийн эрхийн улсын байцаагчаар дүгнэлт гаргуулан Есөнбулаг сумын засаг даргын тамгын газарт зохих стандартыг хангуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүргүүлснийг шүүх хүлээн авч эвлэрлийн гэрээ байгуулж, төлөвлөгөөт ажлуудыг хийхээр болсон.
2025 онд иргэдийг осол авааргүй, эрсдэлгүй зорчуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор - Говь-Алтай, Говь-Алтай - Ховд чиглэлийн улсын чанартай авто замуудыг мөн холбогдох стандарт шаардлагад нийцүүлж, замын тэмдэг, тэмдэглэл, хашилт хийлгэх, эвдрэлтэй хэсгүүдийг засварлуулах ажлыг холбогдох байгууллагаар нь гүйцэтгүүлэх тухай прокурорын нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байна.
Тус аймгийн прокурорын газраас 2024 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд 58 нэхэмжлэл бичиж, төрд учирсан 153 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар нөхөн төлүүлсэн бол эрүүгийн хэрэгт төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж 29 нэхэмжлэл бичиж, 34.2 сая төгрөгийг төрд буцаан төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
2025 оны дөрвөн сарын байдлаар эрүүгийн хэрэгт нийтийн ашиг сонирхлыг хамгаалж 67 хэрэгт нэхэмжлэл гаргаж, 69.4 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг үе шаттай зохион байгуулж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн прокурорын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Аймгийн прокурорын газраас 2024 онд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аж ахуй, нэгж байгууллагад 32 мэдэгдэл бичиж, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 шалгалт хийж, зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, анхаарах асуудлын талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
2025 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил, гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа залилах, хулгайлах, авлига албан тушаалын гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг болон хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага, зөвлөл, хороодын үйл ажиллагааг уялдуулан хамтран ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба