Дорноговь аймгийн прокурорын газраас “Говийн бүсийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг болон байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал сайн туршлагаа солилцъё” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Илтгэлийн уралдаанд Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн 8 прокурор илтгэл ирүүлж, говийн бүсийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавин ажиллахад анхаарах асуудал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал санаачилга, сайн туршлагаа хуваалцсан байна.
Илтгэлийн уралдаанд Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Анужин “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, түүнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи ашиглах нь” сэдэвт илтгэлээрээ тэргүүлж, Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Э.Нямбилэгт “Говийн бүс дэх ашигт малтмалын хууль бус ашиглалттай тэмцэх” сэдэвт илтгэл, Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүй “Уул уурхайн компаниудын шороон замын ашиглалттай холбоотой байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлээрээ удаалж, Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Батдорж “Говийн бүс дэх байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдэвт илтгэлээрээ тусгай байрт тус тус шалгарчээ.
Тус уралдааныг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны прокурор Т.Баярсайхан, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал доктор, профессор Г.Баттүвшин нар шалгаруулж, дүгнэжээ.
Илтгэлийн уралдааны үр дүнд говийн бүсийн аймгуудын прокурорын газруудаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх санал санаачилгаа, илтгэлүүдийг эмхэтгэж гаргахаар төлөвлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба