Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Зүгээрээ тайвширъя” нэгдсэн арга хэмжээнд оролцож, иргэд олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэжээ.
Тус арга хэмжээний хүрээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хор уршиг, хуулийн зохицуулалт, хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ прокурорын байгууллагад гомдол, мэдээлэл хэрхэн гаргах талаар танилцуулжээ. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг жил бүр өсөж байгаа бөгөөд 2023 онд 188, 2024 онд 336, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 129 хэрэг бүртгэгдэн, шалгагдсан байна.
“Зүгээрээ тайвширъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, сагсан бөмбөгийн “Налайх Бизон” клубтай хамтран эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирохоос урьдчилан сэргийлэх, спортоор хичээллэдэг зөв дадалд уриалах зорилгоор 16-аас дээш насны хүүхэд, залуучуудын дунд 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд 21 багийн нийт 84 хүн оролцож, өрсөлдсөн байна.
Тус прокурорын газраас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр контент, постер, сэрэмжлүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх, шөнийн цэнгээний газар болон “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт” газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчлан таниулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба