ЗОНХИЛОН ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
ЗОНХИЛОН ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Увс аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчдад эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, тус прокурорын газраас Увс аймгийн төрийн алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд оролцож, төрийн албаны 500 гаруй алба хаагчдад “Авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй зөрчил болон төрийн алба хаагчдаас үйлдэгдэж буй зөрчил” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгчээ.

Мөн тус аймгийн 19 сумдын төсвийн шууд захирагч, ерөнхий болон ахлах нягтлан бодогч, төрийн сангийн хэлтсийн ажилтан нарт авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ. 

Тус прокурорын газраас Улаангом сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэд олон нийтэд яриа таниулга хийж, иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн хэмжээнд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Авлигын эсрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд, Зөрчлийн тухай хуульд заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлүүд зонхилон үйлдэгдэж байгаа бөгөөд дээрх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.