ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн ерөнхий боловсролын 4 сургууль болон политехникийн коллежийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг шалгаж, энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө оновчгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон хүүхдэд чиглэсэн ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй зэрэг зөрчил, дутагдлыг илрүүлж цаашид анхаарч ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.  

Мөн Монголын хуульчдын холбоотой хамтран  “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын 3 сургуулийн 120 сурагчдыг хамруулан зохион байгуулжээ.  

Сургалтаар цахим орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим орчны зохисгүй хэрэглээ, түүний хор уршгийг тайлбарлаж, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж, цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Дорноговь аймгийн хэмжээнд 2024 онд 14, 2025 онд 4 нийт 18 гэмт хэрэгт 34 өсвөр насны хүүхэд холбогдсоноос дийлэнх нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бол гэмт хэргийн улмаас 28 хүүхэд хохирсны дийлэнх нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ.

Прокуророос гэмт хэргийн улмаас хохирсон 8 хүүхдэд 4.6 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай хүнээс нөхөн төлүүлсэн бол 4 хүүхдэд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг холбогдох байгууллагаар тогтоолгох арга хэмжээг авч ажиллаж байна.  

Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттай хийх, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг, арга хэмжээг аймгийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-тэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.