Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэхгүй, удааширч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, биелэлтийг хангуулах зорилгоор “Нөлөөлөл-Биелэлт” нэгдсэн арга хэмжээг хоёр сарын хугацаанд зохион байгуулжээ.
Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах шийдвэрийн биелэлт удааширч буй нэг шалтгаан нөхцөл нь тус албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүсийн 50 хувь нь хорих ял эдэлж байгаатай холбоотой байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дээрх хүмүүсийг хорих ял эдэлж байхдаа цалинтай ажлын байраар хангах боломжтой эсэх асуудлаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай мэдээлэл солилцож, мөн тэдний ар гэрийнхэнтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, хоригдлуудад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийн ач холбогдлыг таниулах нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Мөн шийдвэр гүйцэтгэгчээс хорих ял эдлээгүй боловч, шүүхийн шийдвэрийн биелэлт удаашралтай байгаа иргэдтэй уулзалт ярилцлага хийж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах зорилгоор мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулсан байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хорих ял эдэлж байгаа 3, хорих ял эдлээгүй боловч удааширч байгаа 2 буюу нийт 5 хүний 18.364.370 төгрөгийн хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтийг бүрэн хангаж, 2 хүний 2.600.000 төгрөгийг хэсэгчлэн төлүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба