Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хяналтад байгаа тогтоолын биелэлтийг хойшлуулсан иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтын талаар сургалт хийж, мэдээлэл өгчээ.
Сургалтад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон иргэдийг хамруулжээ.
Хорих ял оногдуулсан иргэн тэнссэн, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 6 сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа зөрчсөн, хориглолт хязгаарлалтыг зөрчсөний улмаас хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учирсан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ял оногдуулдаг.
Тус прокурорын газраас албадлагын арга хэмжээний тухай ойлголт, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар, тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, ялаас чөлөөлөх үндэслэлийн талаар тайлбарлаж, Хууль зүйн туслалцааны төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгч нар хууль зүйн туслалцаа үзүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба