Нийслэлийн прокурорын газраас “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга авагдсан шүүхийн шийдвэрийн биелэлт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-ийг 2025 оны эхний 05 дугаар сарын байдлаар шалгаж, шалгалтаар тогтоогдсон дүнд үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, дүүргийн прокурорын газрын хяналт хариуцсан прокуроруудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр шалгалтад хамрагдсан 461 хувийн хэрэгт хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чанар, үр дүн, илэрч буй зөрчил, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан шалтгаан нөхцөл, хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга авагдсан гүйцэтгэх баримт бичгийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон байна.
Шалгалтаар хорих ял эдэлж байгаа 67 хоригдлыг хөдөлмөрт хамруулах асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж шийдвэрлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан 10 хувийн хэрэгт холбогдох ажиллагааг шуурхай гүйцэтгүүлэхээр хугацаатай үүрэг өгчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хөрөнгийг битүүмжлэхдээ өөр хаягт байрлах хөрөнгийг битүүмжилсэн, гадаад улсын иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд гарч буй хүндрэлтэй тохиолдлуудад прокурорын дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэрээр хураагдсан хөрөнгийг шилжүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албан бичиг хүргүүлж, гүйцэтгэл, үр дүнг эргэн тооцохоор шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба