Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 4 дахин өссөн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, иргэдийг цахим орчинд гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Баясгалан “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хувьсал, чиг хандлага, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан сайн туршлагыг хуваалцах ” сэдвээр мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагууд иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудаас танилцуулж, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас бэлтгэсэн богино хэмжээний шторк, видео контент зэргээр дамжуулан иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлд гарсан үр дүн, туршлагаас хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба