Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдож буй хүний нас, хүйс, ял, шийтгэлийн байдлыг 2025 оны эхний 5 сарын байдлаар судалсан байна. 2025 оны эхний 5 сарын байдлаар нийт 208 хүнийг тухайн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Насны байдлаар нь авч үзвэл 79.8 хувь нь 18-35 насныхан бөгөөд 75.9 хувь нь эрэгтэйчүүд байна. Анхан шатны шүүхээс 76 шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол 31 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэжээ.
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хор уршгийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс тодрууллаа.
Залуучуудын дунд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ өндөр байна. Яагаад энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна вэ?
Зуны улирал эхэлж, аялал зугаалга, олон нийтийг хамарсан арга хэмжээ, баяр наадам идэвхтэй зохион байгуулагдаж буй энэ үед залуучууд, найз нөхдийн хүрээнд хамтдаа цагийг өнгөрүүлэх нь улам бүр нэмэгдэж байна. Энэ нь амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай боломж хэдий ч зарим тохиолдолд архидан согтуурах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх зэрэг донтолтод хүргэх эрсдэлтэй зуршил бий болох, улмаар зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд уруу татагдах нөхцөлийг бүрдүүлэх сөрөг талтай байдаг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг бол "сонирхоод нэг үзье", "амьдралдаа ядаж нэг удаа хэрэглэж үзэх зүйл" мэтээр хөнгөн хандаж, туршиж үзэх тоглоом биш юм. Нэгэнт хэрэглээд эхэлчихвэл, тухайн бодисоор тоглох биш та харин тоглоом нь болж, тэр бодист захирагдаж эхэлдэг. Энэ бол хатуу үнэн юм.
Учир нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь хүний сэтгэл зүй, төв мэдрэлийн тогтолцоонд шууд нөлөөлдөг, донтох шинж чанартай химийн болон байгалийн гаралтай бодисуудыг хэлдэг. Эдгээр бодисууд нь хүнийг өөрийн эрхгүй дахин хэрэглэхэд хүргэж, улмаар бие махбод болон оюун санааны хамаарал үүсгэдэг.
Мансууруулах бодис нь байнгын донтох өвчин үүсгэхийн зэрэгцээ сэтгэцийн эмгэгүүдийг бий болгодог. Мөн зүрх судас, элэг, бөөр, уушгины үйл ажиллагааг алдагдуулж, амь насанд аюултай хордлого, зүрхний зогсолт үүсгэх эрсдэлтэй. Ийм бодисыг хэрэглэснээр эрүүгийн хариуцлага хүлээх, ажил амьдрал болон гэр бүлээ алдах эрсдэлтэй байдаг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, ашигласан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар, хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, авах нь 1-5 жил жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл хүлээлгэдэг. Харин худалдаалах зорилгоор ийм бодисыг хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдсан тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.
Гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн болон улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх бөгөөд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар хорих ял оноох тус тус зохицуулалттай.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ сэтгэл санааны тэнцвэр алдагдах, хэт сэрэмж алдах, хий юм харах зэрэг сэтгэцийн гаж үзэгдэл илэрч, улмаар өндрөөс үсрэх зэрэг өөр гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс хэрхэн хол байх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, зөвлөмж өгөхгүй юу?
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон зарим хүн хууль зөрчсөн үйлдэлдээ тайлбар өгөхдөө “Би хууль мэдээгүй” гэж хэлдэг ч хуулийн мэдлэггүй байх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл биш гэдгийг онцгойлон анхаарах нь зүйтэй.
Мансууруулах бодис хэрэглэснээр зөвхөн өөрийнхөө бие, сэтгэл зүйд хор учруулахаас гадна ойр дотны хүмүүс, гэр бүл, найз нөхөд, цаашлаад нийгэм, монгол хүний удмын санд сөрөг нөлөө үзүүлэх юм.
Хэрэв та олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгдэж буй энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тухай мэдсэн бол өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс Цагдаагийн байгууллагад хандаж, холбогдох мэдээллийг өгч байхыг зөвлөж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба