ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭ /SEAJUST/-НИЙ НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭ /SEAJUST/-НИЙ  НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

Япон Улсын Токио хотноо 2025 оны 06 дугаар сарын 25-аас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust/-ний нэгдсэн хуралдаанд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Оргил-Очир, Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор Г.Цэцэгмаа нар оролцлоо.

Тус сүлжээ нь Зүүн Өмнөд Азийн улс орнуудын эрх бүхий байгууллагуудын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцаан үзүүлэх ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий байгууллага юм.

Нэгдсэн хуралдаанд тус сүлжээний гишүүн 22 улс, бүс нутаг, олон улсын байгууллагын 61 төлөөлөгч оролцож, “Сүлжээг ашиглаж хүрсэн үр дүн, сайн туршлага”, “Цахим орчин дахь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа”, “Эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн туслалцаа үзүүлэх төв байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хөгжүүлэх нь”, “Гадаад улсаас хөрөнгө буцаан авах хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан мэдээлэл солилцсон байна.

Мөн хуралдааны үеэр Ази, Номхон Далайн эрүүгийн эрх зүйн форум /Crim-Ap/-ын ажлын хэсгийн гишүүдээс боловсруулсан Ази, Номхон Далайн орнуудын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гарын авлага”-ын төслийг танилцуулж, уг төслийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн хэргийн талаарх НҮБ-ын 15 дугаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар санал нэгтэйгээр дэмжсэн байна.