Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 78,2 хувь нь Нийслэлд, 21,8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс 99,7 хувийг Цагдаагийн байгууллага, 1,3 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.
Зургаадугаар сард зөрчил гаргасан 293.904 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21.2 хувиар, 1210 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.8 хувиар тус тус буурсан байна.
Шийтгэл оногдуулсан иргэний 73.4 хувь нь эрэгтэй, 26.6 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан байна.
Зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 283.056 буюу 96 хувийг газар дээр нь 7601 буюу 2.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 685 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 3773 буюу 1.3 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Зургаадугаар сард гарсан зөрчлийг тавдугаар сард гарсан зөрчилтэй харьцуулахад хүний биед халдах зөрчил 45.5 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 44.4 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил 43.3 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 41.6 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 37.7хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 43.4 хувиар, хүүхдийн эрх зөрчих зөрчил 40.7 хувиар, хулгайлах зөрчил 11.1 хувиар, мөрийтэй тоглоом тоглох зөрчил 5 хувиар тус тус өссөн.
Харин танхайрах зөрчил 44.7 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0.4 хувиар буурсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба