Монгол Улсын засгийн газраас 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосны дагуу прокурорын байгууллага нь танхимын хэлэлцүүлгийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, үндэсний аудитын газар болон сангийн яамны холбогдох албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд, прокурорын байгууллагын харьяа нэгжийн төсвийн шууд захирагч, ажилтнууд оролцлоо.
Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хэлэлцүүлэгт “Прокурорын байгууллага” нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хараат бус, бие даан явуулдаг бөгөөд 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулж Монгол Улсад нэн тулгамдаж буй Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх, түүнчлэн гэмт хэргийг хурдан түргэн шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хэрэг материалыг цахимжуулах, зөрчлийн нэгдсэн санг ашиглалтад оруулахтай холбоотой талаар дэлгэрэнгүй танилцуулж, прокурорын байгууллагын хэрэгжүүлж буй ажлууд нь нийгэмд үзүүлж буй ач холбогдлын талаар дурдсан болно.
Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Чулуунбат прокурорын байгууллагын 2026 оны төсвийн төслийн танилцуулгыг хийж 2026 оны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хязгаарыг 2025 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад томилолт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, авлигын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал, тээвэр шатахууны зардал зэрэг нь 20-80 хувиар буруулсан нь прокурорын байгууллага хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулахад нөлөөлөх, бие даан үйл ажиллагаа явуулахгүй болж байгааг танилцуулсан.
Мөн хэлэлцүүлэгт зохион байгуулалтын бүтцийн нэгжийн прокурор, харьяа нэгжийн прокурорын газрын прокурор, ажилтнууд, иргэд тус тус үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай зардлыг хэрэгтэй байгаа талаар саналаа илэрхийлэв. Улмаар танхимын хэлэлцүүлгээс гарсан болон цахимаар ирсэн саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба