Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймгийн төр болон төрийн өмчийн байгууллагын 30 гаруй удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэ үеэр прокуророос төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллах, төрийн байгууллага шүүхэд нэхэмжлэх гаргахад анхаарах зүйлийн талаар мэдээлэл өгсөн байна.
Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар иргэний болон захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцож, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2025 оны 8 дугаар сарын байдлаар 14 хүний зөрчигдсөн эрхийг сэргээж, прокурорын дүгнэлт бичиж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын хүсэлтээр 42 иргэний хэрэгт 137,800,000 төгрөгийн нэхэмжлэгчээр оролцож 79,716,000 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба